Ханбрүл Жамбал Лодойн амьдралын түүх
Ханбрүл ринбүчэ бол Цагийн хүрдний алдарт мастер Агваан Чойжин Жямцын хоёрдугаар дүрийн хувилгаан билээ. Сарлаг маллагчийн даруухан ахуйгаас гараагаа авсан ринбүчэгийн амьдрал түүнд үнэхээрийн гайхамшигтай тавилан учруулжээ. Энд дурьдагдаж буй онцгой хэдэн он жилүүд өнөөдрийн бидний бахархал болсон энэ хүнийг бүрэлдэн төлөвшихөд гол түлхүүр болсон үеүд байлаа.
Ханбрүл ринбочэ өөрийн төрсөн он сарын талаар хэд хэдэн янзын зүүд үзсэн бөгөөд төрсний дараах онууд тодорхой хэдий боловч түүний хувийн дадлага бясалгалын шалтгаанд үндэслээд яг төрсөн он нь энэ биш байх боломжтой билээ.
1967
Хойд дүр заяахын шинж тодорсон нь
Ринбүчэг төрөхөөс өмнө түүний эцэг эх хоёр удахгүй нэгэн тусгай хүн гэрт мэндлэх нь гэсэн бэлэг дэмбрэлтэй олон шинж тэмдгүүдийг үзсэн гэдэг. Жишээ нь эцэг нэг өдөр аугаа Еэшэ Цогжялын хувилгаан гэж тооцогддог далд ухамсарлахуйнхаа гүнзгий түвшинд хүрсэн нутгийн егүзэрва Дарэ Лхамо гэгч эмэгтэй дээр очихоор явж байтал Дарэ Лхамо өөрөө гэнэт түүний өмнө гарч ирсэн байна. Ринбүчэгийн эцэг түүнд мөргөж хадаг баривал энэхүү ариун өргөлийг аваад егүзэрва үнэтэй бэлэг гардуулсаны дотор шахмал эм, муу юмнаас хамгаалах зангиа болон хуйлж ороосон захидал тэргүүтэн байсан ажээ.
Эцгийг гэртээ буцаж ирээд захиаг задлахад олон зүйлийг түүнд зөгнөн өгүүлсэн байжээ. Мөн эцгийг удаан наслахгүй гэдгийг ч хэлсэн байсан ба төрөл барсныхаа дараа хойд Төвдийн нутагт дандарын нэгэн сайн бясалгагч болон мэндэлнэ гэсэн байв. Ринбүчэгийн эхийг хүнд амьдрал туулах тавилантай ихээхэн буянтай нэгэн бөгөөд амьдрал хичнээн хатуу байлаа ч олон буянтай хүүхэд төрүүлж өсгөхөөс зөвхөн нэг нь дунд эргэм насандаа илт мэдлийг олно хэмээн захидалд өгүүлсэн байжээ.
Бас нэг тохиолдолд ринбүчэгийн эх соёлын хувьсгалын үеэр хоригдож хүртэл байсан өөрийн багш Гэцэ Ханбрүлыг маш зүүдэндээ тодхонүзсэн байв. Түүний зүүдэнд тэрбээр цагаан орхимж өмсөж цагаан морь унасан гэрийнх нь гадаа ирж байх юм гэнэ. Уг нь голдуу заншил болсон улаан хүрэн өнгийн орхимж өмсдөг түүнийг ийн ирэхэд эх нилээд гайхжээ. Гэрийн гадна морио уяад түүнийг дотогш ороход ринбүчэгийн эх ламынхаа орхимжийг цүнхэндээ боож авчирсныг харсан байна. Багш цагаан зөөлөвчин дээр суугаад эхийн үл таних хүмүүсийн өргөсөн мандлыг хүлээн авч байх юм. Энэ ёслолын төгсгөлд эх гадагш гарч харахад морь алга болсон байв. Тэгээд нойрноос сэрэхдээ тэр багшийгаа удахгүй дахиад харах юм байна гэсэн баттай зөн төрөхийг мэдэрсэн ажээ.
Үүгээр зогсохгүй нөхөр нь мөн Гэцэ Ханбрүлын дүү Гэцэ Варугийн хамтаар цагаан хувцастай багшид мандал өргөж байна хэмээн зүүдэлснийг дуулав. Ийм сонин тохиолдол гарсанд гайхширсан тэд зүүдээ найзууддаа хуучилсанд ам дамжин явсаар Гэцэ Варуд хүрчээ. Гэтэл тэр мөн яг адилхан зүүд тэр шөнө зүүдэлсэн хэмээн мэдэгдсэн гэдэг. Эдгээр бол нэгэн маш чухал хойд дүр төрөхөөр зэхэж байгаагийн тодхон шинж тэмдгүүд байсан билээ.
1968
Бэлэг дэмбрэлтэй төрөлт
Ринбүчэ 1968 оны Шороон бичин жилийн 4-р сарын 18-нд Мачу голын эрэг дээр Дэра хэмээх гацаанд мэндэлжээ. Түүнийг төрсөн тэр өдөр цаг агаар гайхмаар дулаан байж лянхуа хэлбэртэй цасан ширхэг тэнгэрээс зөөлөн бударч байсан гэж гацааныхан хэлэлцдэг. Төрөлтийн үеэр эхийн ус хагарсангүй тул тэрбээр усан хүүдийтэйгээ бүтнээр төржээ. Энэ бол 80,000 төрөлтөд нэг тохиодог ховорхон үзэгдэл байв. Эх баригчид хүй нь эхистэйгээ холбогдоогүй байхыг хараад учиргүй гайхацгаасан байв. Тэгээд зогсохгүй шинэ төрсөн хүүхдийн адилаар уйлсангүй харин оронд нь эх болон эх баригч нар руу харан инээмсэглэсэн гэдэг. Гацааны олон хүүхдүүд төрж буй эх хүү хоёрын байгаа гэрийн дээгүүр солонго үзэгдэхийг бас харсан байна.
Ринбүчэг төрснөөс хойш дөрөв дэх өдөр нь нэгэн үл таних хүн тэднийд зочлов. Ердийн байдлаар мэнд мэдэлцсэний дараагаар дотогш орохыг урьсанд түүнийг гадуур хувцасаа тайлахад ламын улаан дээлтэй болохыг ажиглацгаав. Нөгөө үл таних хүн эх хүү хоёрыг харвал болох уу гэж асуусанд лам бололтой болохоор нь Ринбүчэгийн эцэг түүнд зөвшөөрөл олгов. Амаржсан эх хүү хоёрын байгаа гэрт ороод нөгөө хүн эхэд мөргөн ёсолж даруй адислалын уншлага дуудаж эхэллээ. Тэгээд ойртон очиж хүүгийн биед рашаан цацаад ирсэн шигээ гэнэт арилж одсон гэдэг. Түүний хэн байсныг асуух бололцоо хэнд ч гараагүй юм гэнэ лээ.
Хэдэн хоногийн дараагаар Жаянга гэдэг бас нэг зочин хөлдсөн голыг гаталж амь сорин байж ирээд адислал хайрлах хүсэлтэйгээ илэрхийлэв. Дараа нь эхэд Гэцэ Ханбрүл багш нь насан өөд болж одоо түүний хүү болон төрөөд байгаа нь энэ гэдгийг анх мэдэгдсэн ажээ. Тэрбээр хүү болон гэр бүлийг нь хамгаалах ёслол үйлдээд энэ явдлыг тохиолдуулан Лингийн Гэсар хэмээх судрыг уншиж өгчээ.
1973
Гэцэ Ханбрүлын хойд дүрээр нууцхан тодруулсан нь
Жаахан хүүхэд байхын л ринбүчэ өвөрмөц шинжүүдийг үзүүлсээр байв. Дөнгөж нэг нас хүрч байхдаа анхныхаа үгийг хэлсэн нь Манзушри Бурханы тарни байсан гэдэг. Хөлд орж эхлэнгүүтээ гадагш гарч салхинд хийсэх хийморийн дарцагнуудын доор очоод тарни уншиж гарсан байна. Гуравтай байхдаа ээжийнхээ мөргөлийн ширээн дээр байсан эрхийг заан: “Өө, энэ минийх байна шүү дээ” гэвэл эх нь: “Тиймээ, гэвч чи надад өгсөн шүү дээ” гэвэл гэнэт санасан мэт: “Нээрээ тийм л дээ” хэмээгээд эрхийг буцааж байранд нь тавьсан гэнэ.
Ринбүчэг таван настайд аймагтаа алдартай мэргэн Жялрун Самдүв гэдэг хүн тэднийд зочлон ирэв. Эх нь тэр үед бие нь жаахан тааруу байсан тул ламаас тэр талаар асуун нилээд байзнасны дараа Жялрун Самдүв Гэцэ Хэнтрүлийг зүүдэндээ олонтаа үзсэн бөгөөд шууд залгамжлах хойд дүр нь Ринбүчэ болохыг баталсан тухай эхэд хэлсэн байна. Түүгээр зогсолгүй Ринбүчэг урт удаан насалж, номын их багш болон хувираад тоолшгүй олон амьтанд машид их тусыг хүргэх тавилантай гэдгийг оролцуулаад олон өөр зөгнөлийн хамтаар ярьж өгсөн ажээ.
Балчир ахуй цагийн энэ жилүүдэд Ринбүчэгийн эцэг эх хоёр олон мэргэн түргэн хүмүүстэй уулзаж явсанд цөм л хүүгийн хэн болохыг одоогоор нууцалсан нь өлзийтэй хэмээн анхааруулж байжээ. Нийтэд хэн болохыг нь зарлачихвал их олон бэрхшээлтэй тулгарна гэж сануулж хэлсэн нь энэ байлаа. Ийнхүү зөвлөсөн ёсоор тэд түүнийг жирийн хүүхэд адилаар малчны амьдрал дунд өсгөхөд хүрсэн билээ.
1976
Сарлаг хариулагчийн амьдрал
Найман настайдаа Ринбүчэ гэрийнхээ сарлагийг маллах үүргийг хүлээсэн хүн болжээ. Тэрээр аавыгаа даган ууланд олон хоногоор сарлагаа сахин явдаг байлаа. Нэг өдөр сүрэг чоно тэдэн рүү халдаж найман сарлагийг унагаад авсанд Ринбүчэ чин үнэн бишрэлээр Маризи хэмээх Дарь эхийн хувилгаанд мөргөн залбирсанд чононууд зайлж явсан байна. Түүнээс хойш сарлаг маллахдаа Маризид залбиран тарни унших болсноор араатнуудын дайралтанд өртөхөөс айхаа больсон гэдэг.
Нэгэн сайхан өдөр Ринбүчэ ууланд сарлагаа маллан хээрийн анхилам үнэрт цэцэгс салхинд найган, өтгөн ургасан ногоо халиуран байх нугад тэнгэр ширтэн хэвтэж байхад нь хөдөө талын энэ үзэсгэлэн түүнд энэтхэгийн алдартай хунтайж Димэд Гүндэн гэгчийн түүхийг санагдуулжээ. Тэр хунтайж өгөөмөр энэрэнгүй зангаараа ихэд алдаршсан нэгэн байжээ. Түүний өгөөмөр зан болон бусдын төлөө өөрийгөө золиослох сэтгэлтэйн тухай бодсоор зүүрмэглэж орхив гэнэ.
Тэгснээ чанга хөгжим эгшиглэх дуунаар сэрж нүдээ нээвэл тэнгэрийн үүлс дунд Димэд Гүндэн хунтайж эхнэр хүүхдүүдтэйгээ бүжиж байгаа дүр зураг үзэгдсэн байна. Хунтайж гоёмсог цагаан нөмрөг өмсөж энэтхэгийн хаан удмын хөвгүүдийн ёсоор үсээ дээрээ зангидсан байна. Гүнж болохоор урт хар гялалзсан үстэй бөгөөд сайхан нэхмэл даавуун даашинз эрдэнэс шигтгэсэн алчууртай ажээ. Хоёр хүү нь хурц өнгөтэй торгон хувцас өмссөн байх ба тэд зүүдэлж байгаа мэт аажуухнаар үүлстэй хөвөн бүжихийг Ринбүчэ сэрүүн тунгалаг нүдээр гайхан ширтэж байжээ. Дараагийн хэдэн цагийн туршид тэрбээр гүнзгий хирнээ тов тодхон бясалгалын төлөв байдалд умбан байж урьд хэзээ ч үзээгүй тийм сайхан мэдрэмжид автсан гэдэг.
Түүнээс хойш нилээд том болсныхоо дараагаар тэдний гэрт ном заалгадаг байсан нэгэн ламын хамтаар бурханы ном үзэж эхэлжээ. Манал бурханы номыг судалж байх үедээ ламын буруу дуудлагыг засаж хэлж өгдөг байсан гэдэг. Бас олон өөр амаргүй сэдвүүд дээр мэдлэгтэй гэдгээ Ринбүчэ харуулж байсан нь энэ насандаа хэзээ ч тэр талаар хичээл заалгаж байгаагүй сэдвүүд байсан гэдэг. Ринбүчэгийн бурханы номд гаргуун гэдэг нь ийнхүү дорхноо олонд түгэж эхэлжээ.
1986
Эцэг нөгцөж, сахил хүртсэн нь
Олон жилийн хориг тавигдаж Төвөдүүд арай хийж сүм хийдээ дахин босгох эрхтэй болцгоов. Ринбүчэгийн эцэг сайн дураар Дэнун Хийдийн барилгын ажилд чадахын хирээр туслахаар нилээд холын аянд зорин одсоноос хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа Ринбүчэ аавтайгаа нэгдэхээр шийдэн тэнд хүрч очоод эцгийгээ нилээд хүнд өвдсөн байгааг үзсэн байна. Байдал тэгсээр улам дордсонд бүгд түүнийг үхэх нь гэж бодлоо. Эх нь удалгүй олон муу ёрын шинж үзэгдсэн тул болгоомжлон хойноос ирсэн боловч хийдийн ёс журамд эмэгтэй хүн оруулж болохгүй учраас нөхөртэйгөө хамт байж чадсангүй.
Нэг өглөө эцэг нь түүнд бясалгал хийхэд зориулсан суудал засаадах гэсэнд ёсоор болгосонд тэр бие ядруу ч гэлээ хүний туслалцаатайгаар өндийж суугаад эвтэйхэн болох шиг болсноо хэсэг хугацааны дараа: “Бүх юм цав цагаан” гэж хэлэн гараа өмнөө дохив. Тэгээд давтан давтан хэлж байснаа урагш бөхийсхийн тогтов. Арван-таван минутын дараагаар лам ирж үзээд түүний эцэг насан өөд болсон тул цогцосыг нэг хэсэгтээ ганцааранг чимээгүй байдалд байлга гэж зөвлөв.
Аавыгаа өнгөрөхөөс өмнө Ринбүчэ лам болох эсэхээ шийдэж чадахгүй байсан бол аавыгаа өнгөрснөөс хойш ямар ч аргагүй болсон мэт санагджээ. Хэрвээ түүнийг лам болохгүй бол эх нь гомдсондоо үхэж магадгүй тул эцгийн үхэлд цочирдсон тэрбээр цогцосын өмнө сөгдөн байж эцэг эхийн насны хүслийг биелүүлэхийн тулд лам болохоо андгайллаа.
Гашуудлын үе өнгөрсний дараа Ринбүчэ түүний лам болох цаг болсныг үзүүлсэн олон шинж тэмдгийг үзэв. Тэгээд арван-долоон настайдаа Дэнун хийдэд очиж Лама Брүлгү Хатаг гэдэг ламд мөргөн сахил хүртээхийг гуйжээ. Тэр үед өөр бас арван-таван лам сахил хүртэхээр хүлээгээд байсан юмсанжээ. Лам Ринбүчэгийн хүсэлтийг цагаа олсон хэрэг бөгөөд Бурхан багшийн арван-зургаан Архад шавийг бэлэгдэн арван-зургаан лам сахил хүртэх учиртайд таарч байна гэж олзуурхан баярлав. Тэр өдөртөө ёслолыг үйлджээ.
Ринбүчэ болон бусад лам нар гурав гурваар хуваагдан сахил хүртэхэд малгай дотроос нэр сугалдаг заншилтай байв. Гайхалтай нь Ринбүчэ Лама Брүлгү Хатагийн багш Амдо гэвшийн нэрийг сугалж таарчээ. Тэр хүн Жамбал Ролви Лодой гэдэг нэрээр олонд танигддаг байв. Тиймээс Ринбүчэгийн сахилын нэр Жамбал Лодой болохыг Брүлгү Хатаг зарлалаа. Энэ бол маш бэлэг дэмбэрэлтэй бас нандин нэр байсан билээ.
1987
Лам болоход суралцсан нь
Дадлагадаа орох гэж яарсан Ринбүчэ шууд тангараг өргүүлэгч лам дээр хүрч очин бурханы шашны хуврагийн ёсны \Виная\ хоёр-зуун-дөчин зүйлт сахилыг хүртэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүний ариун сэтгэлтэйд таашаасан Брүлгү Хатаг Ринбүчэ болон бусад лам нарт сахилыг дөрөв хоногийн туршид зааж номлолоо. Тэр Ринбүчэг ийн хүлээн авах нээлттэй сэтгэлтэйн хувьд сайшаагаад хүссэнийх нь дагуу гучин-зургаан тангаргын гараар бичсэн хувийг нэмэлт тайлбаруудын хамтаар түүнд гардуулжээ.
Өнгөрөөд удаагүй байгаа ахынхаа ажил явдалд оролцохоор гэртээ эргэн ирснийхээ дараагаар номоо үргэлжлүүлэн судлахаар Дартан Хийд рүү аяллаа. Жижиг хийдэд сууж үзсэн Ринбүчэ хэдэн зуун лам шавилан суусан томоохон хийдэд очиж суралцсанд түүнд Ари Банчэнгийн бичсэн “Гурван сахилын учир” номыг заасанд бодьсадвын зам болон тарнийн ёсны замаар орсон лам хүний сахих ёстой зүйлсийг тэнд тодорхой үзүүлсэн байжээ.
Өдрийн ихэнхийг тэд уншлага уншиж өнгөрөөх ба ном айлдах гэдгээр багш голдуу судруудыг уншиж бараг тайлбарлаж өгөхгүй шахам өнгөрөхийг хэлдэг байв. Тэгээд шавь нар оройдоо үзсэн номоо цээжилж хонох ёстой ба маргааш нь шалгуулдаг журамтай байлаа. Ринбүчэ Лама Брүлгү Хатаг дээр суралцаж байхдаа эдгээрийн ихэнхийг үзсэн байсны тул шөнөдөө өрөөнийхөндөө зааж тусалдаг байсан ажээ.
Дартанд байсан үе Ринбүчэгийн хувьд сорилттой үе байсан гэж хэлж болно. Тэндхийн лам нарын ихэнх нь бүр багаасаа сахил хүртсэн байсан бол Ринбүчэ том залуу болсон хойноо л лам болсон нь ихэд хожууд тооцогдох ажээ. Тиймээс ч тэндхийн хуучцуултай нилээд хурцадмал байдалтай байх болж Ринбүчэгийн төрөлхийн зөн билигт байдал хуучцуулд халтай байж мэдэхээр болоод байв. Ринбүчэ өөрөө сургаал номондоо хамаг анхаарлаа тавимаар байвч дотоодын хэрэгт өөрийн эрхгүй орооцолдуулаад болж өгөхгүй байжээ.
1987
Суралцахад өөрийгөө бүрэн зориулсан нь
Гирди хийдэд шавилан суух дүү дээрээ очиж хэсэг байзнаад дараа нь Дартанд буцаж ирмэгцээ Ринбүчэ өвлийн бясалгалд орж суулаа. Тэр үеэр тэр Лама Намчо Минжүүр Дорж гэдэг нэрээр танил болсон алдарт Нямаа Тэртоны зохиосон бэлтгэлийн зэрэгтэй анх танилцсан байна. Энэ тойрог бол Палюл урсгалд ихэд өргөн хэрэглэгдэн дэлгэрсэн “Бурханы хутаг таны алганы толионд” гэдэг сургаал байсан бөгөөд Нямаагийн урсгалын хамгийн оргил болох “Зогчэн” дадлагад бэлтгэлийн зэрэг болгон түүнийг хэрэглэдэг байжээ.
Минжүүр Доржийн эрдэнэсийг илрүүлсэндээ ихэд биширсэн Ринбүчэ сургаалыг бүрнээр хүртэхийн тулд маш их зүтгэл шамдал гарган зүтгэж шөнө өдөр ялгалгүй хамаг цагаа зориулсаар дадуулгаа гүйцээж дуусгав. Өглөө босонгуутаа цайнаас өмнө мянга сунаж мөргөх жишээгээр явсаар хорин-нэгхэн хоногийн дотор зуун-мянга сунаж мөргөлтийн тоог гүйцээв. Дараачийн саруудад бэлтгэлийн зэрэг доторхи бусад дадлагуудыг хичээнгүйлэн судалж бясалгасаар Базарсадын ариусгал, бодийн сэтгэл, мандал өргөх, гүрү йогийн дадлагуудын тоог гүйцээж дуусгав. Бэлтгэлийн зэргийг дуусгаад нэгэн сарын туршид уг ёсонд заншил болсон ёсоор тарнийн “А” үсгэн дээр төвлөрөх бясалгалыг ч хийжээ.
Ирэх хавар нь Ринбүчэ Дартангийн хийдэд түр зуур суудал эзэлж байсан Хэнпо Жидэн гэдэг маш алдартай ламаас олон номлолыг хүртэн түүний тодорхой бөгөөд эмх цэгцтэйгээр ном заах аргад ихэд татагдсан тэр цагаас Хэнпог өөрийн багшаа хэмээн үзэх болсон байна.
Олон сар уйгагүй суралцсаны дүнд Ринбүчэ хамт шавилан суусан лам нартайгаа зэрэгцэн ирж байгаагаа мэдэрч эхэлжээ. Нэг шавь түүнээс Патрул Ринбүчэгийн “Миний төгс багшийн тухай үгс” гэдэг судрыг уншиж өгнө үү гэж гуйхад Ринбүчэ дөнгөж жилийн өмнөөс сахил хүртсэн хирнээ цээжээр нэг ч алдаа гаргалгүй уншиж дуусгасанд үүнийхээ ачаар шавь нарын дунд тодорхой хэмжээний хүндэтгэл хүлээх болжээ.
Дараа нь тэр төгсгөлийн зэрэгт дэвшин орж нарийн биений хүрд болоод хийнүүдтэйгээ тулж харьцах “дотоодын гал” \думмо\ хэмээх дадлагад оров. Төвдийн нутгийн тэсгим өвлийн хүйтнээр маш бага хувцас сэлттэйгээр тэд гадаа бясалган суухад олон лам нар шантран буцаж байвч Ринбүчэ гурван ламын хамтаар хүнд байдлыг тэвчин байж сарын бясалгалыг гүйцэтгэж дуусгав. Энэ нь дадлагыг бүрэн эзэмшихэд хангалтгүй хугацаа хэдий боловч сэтгэлээ хатуужуулан тэсвэртэй болгоход түүнд ихээхэн тусалсан ажээ.
Дараа жил нь Ринбүчэ Хэнпо Жидэноос өөр олон номыг хүртсэний дотор Шантидэвагийн “Бодьсадвын замд орохуй” мөн багтсан байв. Түүний жишээг дагасан Ринбүчэд хорвоог огоорох сэтгэл хүчтэй төрж, Атиша гэгээний болон аугаа Гаадамба Гэвшийн сургаалд ихэд шүтэн биширвээ.
1990
Үндсэн гүрү багштайгаа учирсан нь
Олон жилийн турш хийдийн дотоод бэрхшээлтэй ихэд тулгарч явсан Ринбүчэ Дартанг орхих цаг нэгэнт иржээ хэмээн шийдээд тэнд хоносон сүүлчийн шөнөө ингэж зүүдлэв: тэр маш том хар голын эрэг дээр зогсох бөгөөд дээрээс эгц өлийсөн хаднууд үзэгдэнэ. Нэг удаад нэг алхам хийн явсаар голыг амжилттай гатлавал аварга том хаднуудад туллаа. Тэгээд тэдгээрийн цаана гартал олон бурхад заларсан сайхан хөндий, ой хийгээд тунгалаг уст горхи шоржигнон урсахыг харав гэнэ. Тэнд нимгэн цэнхэр дээлтэй цагаан морь унасан эмэгтэй түүнд нэгэн гоёмсог агуйг заан түүний ойлгохгүй уянгалаг хэлээр дуулах мэт яруухнаар ярисанд Ринбүчэ ойлгоогүй хэдий ч: “Чиний бүхий л саад барцад үүгээр ариллаа. Одоо тэр хадны агуйд орж суун Цагийн хүрдний бүтээлд суугтун. Чамайг тэнд байх хугацаанд би болон миний олон нөхөд чамайг хамгаалж байх болно” гэж ойлгогдлоо. Зүүднээсээ сэрсэн Ринбүчэд уртын бясалгалд орох хатуу зорилго ийнхүү тавигджээ.
Дартангаас гараад эхлээд гэртээ очиж дараа нь тэндээсээ өөрийн дотны багш нарын нэг Брүлгү Лубсан Норбугийн суралцаж байсан Чамда хийдэд очихоор зорилоо. Тэнд Ринбүчэ хэдэн сарыг лам нартай бясалгал хийн өнгөрүүлээд сүсэг бишрэл нь нэмэгдсээр цааш хөдөлж Амдо Ава дахь Сэ хийдийг зорин очлоо. Тэнд байхдаа тэрбээр Жонангийн ёсны Шандон үзэл гэгчид үнэхээр сонирхол төрөн энэ талаар илүү ихийг мэдэх хүсэл төрсөн байв. Тэгээд тэндхийн нэг ламаас чухам хэнд хандвал энэ талаар илүү суралцаж болохыг лавласанд Жэвзүн Лама Лувсан Принлай гэдэг илт мэдлийг олсон эрдэмтэн-ламыг олж уулзах хэрэгтэй гэсэн байна. Энэ нэрийг сонсоод түүнд баярлан бишрэх сэтгэл дорхноо төрсөнд Чойтан хийд рүү шууд хүлгийн жолоо залж очих тэр үед Лама Лутрин яг Шандон үзлийн сургаалыг айлдахаар зэхэж байхтай таарчээ.
Олон хоног аялан байж Чойтанд хүрч очиход лам нар номлолоо дуусгаад ёслол үйлдэхээр зэхэж байв. Хурдхан уулзах хүсэлдээ хөтлөгдсөн Ринбүчэ багшийн өмнө явж очин гурвантаа мөргөлөө. Ухамсарлахуйнхаа маш гүнзгий түвшинд хүрсэн таахын аргагүй дүртэй тэр лам гэрэл гялбуулан суух бөгөөд Ринбүчэг харуутаа ойрт хэмээн дохиод суудал засан өөрийн суудлын нэг дэвсгэрийг авч суулгав гэнэ. Үнэхээр бахархах сэтгэл төрсөн Ринбүчэ Лама Лутринтай хамтдаа суун ном хэлэлцэхэд тэр түүнээс дадлага туршлагынх нь талаар олон асуултуудыг асуулаа.
Чойтан хийдийн журмын дагуу Ринбүчэ Лама Лутринд бараа болон алдарт Замтан Занва хийдэд очив. Тэнд Лама Лутринг шандон үзлийн сургаалыг айлдана уу хэмээн алдарт Хамба Лама Ёндон Самбуу урьсан юмсанжээ. Замтан бол хоёр-мянга гаруй лам шавилан суусан Жонангийн ёсны төв хийд байлаа. Энд байхдаа Ринбүчэгийн санаачилгаар Лама Лутрин Шандон Мадямика үзлийн шүүмжиллийг лам нарт танилцуулан няцаасан нь Түгдэн Лувсан Чойги Нямаагийн “Гүн ухааны системын болор толь” хэмээх судар байв. Энэ өдрөөс эхлээд Ринбүчэ хувиршгүй бат итгэлээр түүнийг багшаа хэмээн шүтэх болсон билээ.
1991
Гурван жилийн бясалгал
Ринбүчэг хорин-гурван настай байхад Чойтан хийдэд Жонангийн ёсны заншил ёсоор Цагийн хүрдний төгсгөлийн зэргийн уртын бясалгалд ороход шаардлагатай нөхцлүүд бүрдсэн билээ. Жонангийн заншил ёсоор бол лам болгон дор хаяж нэг удаа гурван жилийн бясалгалд суух ёстой байв. Энэ үед арван-нэгэн лам тэнд оролцсоны дотор есөөс арван-найман насны залуу ламууд ихэнх нь байж Ринбүчэ бас нэг ламын хамтаар хоёлухнаа бүлэг дотроо нас бие гүйцсэн байж таарав. Залуухан лам нар бэрхшээлтэй тулгараад байгааг анзаарсан Ринбүчэ өөртөө хариуцлагыг авч тэдэнд чадлынхаа хирээр тусалж байлаа. Тэд цөм хамтдаа Жэвзүн Дарнатын “Бурханлагт хүрэх шат” хэмээх бэлтгэлийн зэргийг дадуулан үйлдэж үүнийхээ хажуугаар Ринбүчэ мэдлэгтэй лам нарын хамтаар эрчимт дадлагад мөн оролцож байв.
Энэ үед Лама Лувсан Принлай тэдэнд маш хүчирхэг Цагийн хүрдний авшиг буулгасанд Ринбүчэ өөрийн бүхий л мэдрэхүй орвонгоороо эргэн гэгээрлийн хот мандал дахь 636 ядам болон үзэгдэхийг мэдэрчээ. Иймэрхүү ёслолын үеэр багш нь шавь нартаа очирт нэр хайрладаг нь жамтай байсан тул Лама Лутрин Ринбүчэд нэрс зохион бэлтгэхийг даалгав. Тэгээд тэдгээрийг малгай дотор хийн сугалсанд Ринбүчэд “Чойеин Еэшэ Дорж” буюу “Сарнишгүй язгуурын билиг оюун” гэсэн нэр таарсан гэдэг.
Энгийн болон тусгай бэлтгэлийн зэргийг гүйцээгээд дараагаар нь өвөрмөц бэлтгэлийн зэрэг болох Гурван Аглаг хэмээх бясалгалд орлоо. Энэ бясалгалыг хав харанхуй өрөөн дотор йогийн тодорхой нэг байрлалаар сууж хийдэг бөгөөд сэтгэлдээ хоосон агаарт байх мэтээр төсөөлөх болдог ажээ. Ринбүчэ байрлалаа хадгалан бясалгахад ихээхэн зүтгэл гаргасан ба машид хатуу тэвчээрийнхээ дүнд хоёроос гурван цаг үргэлжилсэн бясалгалыг өвдөлтгүйгээр даван гарч чаджээ.
Эцэст нь гол дадлага болох Очирт Зургаан Йогыг дадуулж эхлэх үед Лама Лутрин Ринбүчэг туслахаараа сонгож авсан байна. Лама өөрөө гурав дөрвөн долоо хоногт хоёр цаг ном айлдаж үлдсэн хугацаанд тэр үед бясалгал хийж байсан хоёр бүлгийнхний тодорхойгүй асуултыг тодотгож өгөх үүрэг Ринбүчэд ноогдож байжээ. Эрчимт бясалгалын үе байсан учраас Ринбүчэ өглөөний хоолоо алгасан бясалгалд ороход олонтаа хүрч эсвэл тухайн үед явагдаж таарах номлолд оролцох зэргээр өдрийг голдуу завгүй өнгөрөөнө.
Хорин-зургаан настайдаа уртын бясалгалыг дуусгасныг тэмдэглэн бүгд хураасан буянаа өргөл болгохоор багшийнхаа өмнө очицгооход Ринбүчэ багш ламдаа багаар бодоход есөн сар ганцаарчилсан бясалгалд зэлүүд газарт бясалган суухаа андгайлсан байна. Лама Лутрин цөмөөрөнд нь амжилттай дуусгасанд баяр хүргэж, цаашдын амжилтыг ерөөн адислалаа. Үргэлжлүүлээд тэд аугаа Цогчод өргөх ёслолыг тэмдэглэв.
1994
Римэ мастер болсон нь
Гурван жилийн бясалгалынхаа дараагаар Ринбүчэ нэг хийдээс нөгөө рүү дамжин аялж янз бүрийн урсгалын сургаалуудыг судалж гарчээ. Бурханы номд ханаж цадахаа мэдэхээ больсон мэт тэрбээр нэг л урсгалын сургаалаар өөрийгөө хязгаарлах гэсэнгүй харин гол гол бүхий л сургуулиудаас ялгаагүй суралцахыг хичээж явлаа. Бодол сэтгэлээ уян хатан байлгах үүднээс ойр орчмын сүм хийдүүдээр хэсэн явж мэтгэлцээн хийх болж лам нарыг өөр өөрийн урсгалын давчуу бодолдоо хадагдчих вий гэсэндээ өөр урсгалыг баримтлан мэтгэлцэх зэргээр хандах болов. Жишээ нь, Гэлүгвийн ёсны хийдэд байх үедээ Ринбүчэ Нямаагийн урсгалын үзлийг баримтлан хандана. Нямаагийн хийдэд бол харин Гэлүг болж маргалдана. Тэрбээр энэ аргаа бурханы номыг ойлгоход ухааныг хурцлаад зогсохгүй ихэд элбэг дэлбэг байдаг өөрөөсөө бусад урсгалынхны зөвхөн алдаатай талыг л олж харахад анхаараад байдаг буруу үзлийг арилгахад тустай гэж үзэж байв. Үүний оронд тэр урсгал болгоноос гарч болох өвөрмөц талуудыг онцлон таних тал дээр анхаарлаа тусгаж байжээ.
Энэ үедээ Ринбүчэ аугаа Римэ мастер Хэнпо Жигмэд Пунцогын байгуулсан Ларун Чойгар хийдэд очжээ. Энэхүү аварга том хийд маш олон лам нарын гэр болон орших бөгөөд нээлттэй бодлого солилцох зарчим дээр үндэслэн нээгдсэн ажээ. Тиймээс лам нар нь тодорхой дагасан журам зарчим гэж үгүй, эрдэмтэй лам нар дуртай урсгалын номлолд оролцож мэтгэлцээн зохиох зэргээр өнгөрүүлдэг байв.
Ринбүчэ түүгээр зогсохгүй Ларун Гарт байхдаа далай их номлол хүртэн бусадтай харьцуулахад үнэхээр римэ үзэлтэй гэдгээ тод харуулсан байна. Эхэндээ ийнхүү нэрлэгдэхдээ тийм чиг дуртай биш байсан боловч яваандаа дэвшилттэй яваа эрдэмтэн-бясалгагч болоод ирэхийнхээ үед эвгүйцэхээ аяндаа больсон гэдэг.
Өөрийн хүчинд итгэх итгэл дээшлэхийн хажуугаар мэргэн багш Лувсан Принлайг шүтэн бишрэх сэтгэл нь улам өссөөр байжээ. Үзэл нь улам өргөжин тэлэхийн хирээр хичнээн гүнзгий суурилсан мэдлэгийг Лама Лутрин багшаасаа эзэмшсэнээ бүр илүү ухаарах болов. Хязгааргүй талархах сэтгэл дотор нь багтахаа байж ламын үзүүлсэн хязгааргүй энэрэлт сэтгэлийг туйлаас биширч байжээ.
1997
Нийтэд Агваан Чойжин Жямц болон танигдсан нь
Хоёр жил гаруй хийдүүдээр хэсэж нутгийнхаа хүмүүст тусалж явсаар Ринбүчэ эцэстээ Чойтанд язгуурын ламдаа буцаж иржээ. Энэ удаа тэр төвөдийн зурхайн талаар нилээд түлхүү суралцав. Үүнд хятадаас гаралтай Накци систем болон Энэтхэгээс гаралтай Карци систем орж байсан ба сүүлчийнх нь Цагийн хүрдний дандарын сургаал дахь маш нарийн тооцоон дээр суурилсан байв.
Энэ удаад түүнийг ирэхэд хийдийнхэн тэр чигээрээ Цог хэмээх өргөлийн зан үйлд оролцож байлаа. Лама Лувсан Принлай уншлагын танхимд орж ирснээ түр завсарлахыг хүсэв. Тэгээд бурханы номын жинхэнэ багш ба дадлага хоёрын ялгааны талаар богинохон номлол айлдлаа. Тэгээд энэ номлолынхоо төгсгөлд Ринбүчэг дурдан идэвх зүтгэлийг нь ихэд үнэлэн ялангуяа секторын-бус риме үзлээр хандаж байдгийг нь дөвийлгөн магтжээ.
Сүсэг бишрэлийн талаархи хориг тавигдсаны дараагаар Лама Лутрин өөрийн арван-хоёр шавьдаа “хэнпо” цол шагнасан бөгөөд Цогчод өргөх ёслолын тэр өдөр цугларсан олон лам нарын өмнө Ринбүчэд “Римэ Чойжэ” буюу “Үл ялгаварлагч номын эзэн” гэдэг нэр олгож байгаагаа мэдэгдэв. Тэгээд хэнпо гэж ерөнхий нэрээр нэрлэгдэвч албан ёсны цол нь энэ болохыг тодруулан зарлаад тэнд оролцсон дөрвөн зуу гаруй лам нарын өмнө түүнийг Гэцэ Ханбрүл Жигмэд Жанчув Жямцын хойд дүр болохыг анх зарлаж тиймээс ийм хүндлэл хүлээх нь гарцаагүй юм гэдгийг үзүүлжээ. Үүгээр зогсохгүй энэ хэргийг тэмдэглэлт үйл явдал болгон өөрийн цуглуулганаас хэдэн маш чухал тэмдэглэлийг номлол айлдах тоолондоо өмсдөг өөрийн ёслолын малгайн хамтаар бэлэглэжээ. Цол, хойд дүрийн баталгаа, багшийн бэлэг тэмдгийг хүлээн авснаар Ринбүчэ Лама Лувсан Принлайн зүрхэн хөвгүүн, дамжлагын залгамжлагч болон албан ёсоор адислагдсан нь энэ ажгуу.
Урт удаан хугацааны туршид жирийн нэгэн ламын амьдралаар явсан түүний хувьд энэ бүхэн машид санамсаргүй явдал байсанд ичих ч ёстой мэт болоод явчихсан байна. Тэр багштай өөрийн гарал үүслийн талаар хэзээ ч ярилцаж байгаагүй учраас гайхах баярлах зэрэгцэн байжээ. Сүүлд мэдэхнээ багш Лама Лувсан Принлай Ринбүчэг яагаад ч жирийн нэгэн биш гэж үзсэний улмаас хувиараа судалгаа хийсэн нь тодорхой болсон ажээ.Тиймээс ч олон том лам нар дээр бараалхан Ринбүчэгийн хэн болохыг тодруулан явсан байв.
Тэдгээр том лам нар түүнд Ринбүчэг Цагийн хүрдний мастер Вашул Лама гэж дуудагддаг асан Агваан Чойжин Жямцын хоёрдугаар хойд дүр гэдгийг батлан тодруулж өгсөн байжээ. Энэхүү гүнзгий ухамсарлахуйд хүрсэн гайхамшигт бясалгагч Лама Лутрины өөрийнх нь үндсэн Гүрү Агваан Дамба Рабжэгийн багш нь болох бөгөөд мөн Бамда Түвдэн Гэлэг Жямц гэх мэтийн аугаа хүмүүсийн багш байсан ажээ. Агваан Чойжин Жямц Гэцэ Ринбүчэ болон төрж тэр нь өөрийн ээлжинд Ханбрүл Жамбал Лодой болон төрсөн нь энэ ажгуу.
1997
Аглаг хээрт бясалгасан нь
Тэр жилийнхээ сүүлээр Ринбүчэ Лама Лутрины хамгийн амжилттай яваа шавь нарын нэг болох насан туршийн бясалгалд орж суусан Жагнаг Хонцултай уулзахаар очив. Жагнаг түүнийг ирэхийн өмнөх шөнө маш өвөрмөц зүүд зүүдэлснээ хэллээ. Тэгээд тэд хамтдаа ном хэлэлцэн өглөө болтол сууцгаачихснаа ч анзаарсангүй.
Энэ онцгой аялалдаа сэтгэл хөдөлж бахадсан Ринбүчэ Замтан Занва хийддээ буцаж очин нөхөдтэйгөө хэсэг зуур байзнаж байтал тэндхийн хамба Лама Ёндон Санбуу түүнийг өрөөндөө дуудав. Тэрээр хадаг болон өөр хэдэн зүйлийн бэлэг барин золгож Ринбүчэгээс Замтанд үлдэн лам нарт багшлана уу хэмээн хүсчээ. Ринбүчэд багшлах ямар ч сонирхол байгаагүй хирнээ түүнд Цагийн хүрдний авшгийг хайрласан Лама Ёндон Жямц багшийгаа хүндэтгэх сэтгэлээр хадгийг авав.
Тэгээд Лама Лутрины адислалыг авч багшлаад удсангүй энэ түүнд тохирох зам биш гэдгийг дорхноо ухаарав. Ийм том хийдийг удирдана гэдэг нилээд хүндрэлтэйгээс гадна үүнд маш их улс төр оролцох шаардлагатай нь илэрхий болсон тул бясалгалын сэтгэлээ цэврээр хадгалан үлдэх гэсэндээ тэндээс явах хэрэгтэй боллоо. Тиймээс хүндэтгэлийн захидал бичин суудлаа тавьж өгөөд Жагнаг Хонцулын замыг хөөн аглагт зорихоор шийдлээ.
Ороодог гудас бүтээлэг хийгээд зайлшгүй хэрэгтэй гэсэн хэдэн зүйлсээ аваад Ринбүчэ Патрул Ринбүчэ зэрэг алдартай лам нарын бясалгал хийж байсан гэх Дой Аринаг гэдэг шугуйд очив. Ойр хавийн гацаан дахь айлуудаас хоол гуйж долоон долоо хоногт хүрэлцэх хүнс олоод аглагт гарч бясалгах газраа олон сууваа. Тэгээд бясалгалд өөрийгөө зориулжээ.
Долоон долоо хоногийн дараа Ринбүчэг хүнсээ дуусаж байх үед өмссөн зүүсэн нь этгээд хоёр хүүхэд дайралдлаа. Нэг ч хүний бараа энд хараагүй болохоор ихэд гайхан хаанаас гэнэт гараад ирвээ гэж бодсон Ринбүчэ удахгүй хүнс олохоор уулнаас буух санаатайгаа хэлбэл хүүхдүүд тэгэхийн оронд гэртээ буц гэж хэлэв. Тэд үүнийг давтан давтан хэлсэн учраас сүүлдээ Ринбүчэ зөвшөөрч таарав.
Хэдэн хоногийн дараагаар хүүдүүдийн хэлснийг дагахаас өөр аргагүйгээ бодон гэртээ харилаа. Замдаа ойд хоноглох зууртаа зүүд үзсэн нь нөгөө хоёр хүүхэд Дамчэн Эгазати буюу Зогчэн ёсны номын сахиуснууд байсныг олж мэджээ. Тэд түүнд аглагт бясалгаад түүнд ашиг гарахгүй тул хаана хэрэгтэй гэж бодно тэр зүгтээ явж сүсэг бишрэлийн мэдлэг туршлагаа зориул гэж хэлсэн байна. Зүүднээсээ сэрмэгц тэр өөр зүг рүү чиглэхээр нэгэнт шийдсэн байжээ.
1999
Баруун руу аялсан нь
Гацаандаа ирэнгүүт нь удсан ч үгүй дандарын зан үйл үйлдүүлэхээр хүмүүс гэртээ түүнийг залцгаах болов. Хоёр долоо хоногийн дараагаар Ринбүчэ багшийгаа харах сан гэсэн туйлгүй хүсэл төрсөнд ямар нэг юм болж байгааг мэдэрсэн тэрбээр Чойтан хийдийн зүг яаралтай хөдөллөө. Түүнийг очиход Лама Лувсан Принлайд зориулсан өргөлийн зан үйл явагдаж байв. Ринбүчэд Лама зүгээр байгаа гэж хэлсэн боловч тусгайлан дуудаж ирүүлээд хэдэн хоногийн өмнө нирваан дүрийг үзүүлсэн гэдгийг мэдэгджээ. Лама Лутриныг бясалгалаа төгсгөтөл энэ тухай мэдэгдэхгүй байх ёстой байсан бөгөөд таван хоног үүнд шаардагдсан гэдэг.
Хайрт багшаа алдсан явдал Ринбүчэд хүнд цохилт болж хэдийгээр багш өөрөө тэр жилээ өнгөрнө гэдгээ урьдчилан хэлсэн байсан хирнээ алдлаа гэдэг мэдрэмж авчирсан гашуудлыг үгээр илэрхийлэх аргагүй байлаа. Ламын насан өөд болсонтой холбогдуулсан энэ элбэг дэлбэг бүхий л бясалгал өргөлийн ажиллагаанд уйгагүй оролцсоныхоо дараагаар Ринбүчэ долоон жил хорвоог огоорох хатуу тангараг өргөлөө. Энэ хооронд тэр гэр орныхонтойгоо ч уулзах ёсгүй байв. Тиймээс өөрийн мэдэх болгоноос зайгаа авах зайлшгүй шаардлага тулгарч Төвөдөөс гарч явах санаа анх түүнд төрсөн нь энэ билээ. Тэрээр гадаад оронд очиж дассан сурсан орчноо өөрчлөх гэсэн хүслээ хөгжүүлэн бадраалаа.
Хүссэн бүхэн ёсоор болж Австралийн Мелбурн хотод суурших бүхий л шалтгаан нөхцлийг саадгүй бүрдүүлсэн билээ. Тэнд очингуутаа хэл ойлголцох үүднээс англи хэлний сургуульд яаралтай бүртгүүлэх хэрэгтэй болсон байна. Энэ орчин түүний өсч торнисон газраас хэтэрхий ялгаатай байсан болохоор түүнд бүү шантар гэж өөрийгөө зоригжуулах явдал олонтаа тохиолдож байжээ. Дараагийн хэдэн жилийн туршид Ринбүчэ хотын өөр өөр газруудад байрлан хэлний харилцаагаа дээшлүүлэхийн тулд янз бүрийн хүмүүстэй харьцах болж нутгийн Буддын сүсэгтний холбооныхонтой холбоо тогтоохыг зорьж байлаа.
2005
Барууныханд ном айлдсан нь
2005 оны эхээр Ринбүчэ эхийн бие тааруу байгаа, мэс ажилбар хийх шаардлагатай байгаа тухай мэдээг хүлээн авав. Түүнд туслах зорилгоор Буддын нийгэмлэгээр дамжуулан хандив цуглуулах уриа гарган зүтгэсний дүнд Жулия О Доннелл хэмээх сүүлд түүний хамгийн ойрын шавь нарынх нь нэг болох тавилантай эмэгтэйтэй учирсан байна.
Жулия түүнийг Апвэй \Мелбурны зүүн зах орчим\ дахь гэртээ ном заана уу хэмээн урьсанд долоо хоногтоо нэг удаа тэдний гэрт ном айлдаж, хагас бүтэн сайнаар хотын өөр хэсгүүдээр залагдан ном айлдах болов. Хэлний мэдлэг хомсхон байсан ч гэлээ хэлээ сайжруулах үүднээс буддын нийгэмлэгийн үндсийг тавих зорилгод энэ явдлыг ашиглаж эхлэв.
Ингэсний дүнд Ринбүчэгийн удирдлаган дор Жулия түүний төслийг үнэн болгож чадах Төвдийн Буддын Римэ Хүрээлэн гэдэг ашгийн бус сайн дурын байгууллагыг байгуулав. Энэ үедттэд Роувилл хавьцаа шинэ байшинд нүүн орж үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололцоотой боллоо.
Роувилл дахь байрандаа Ринбүчэ номоо үргэлжлүүлэн айлдах болж Төвдийн Буддын сургаалын үндсийг заан өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа шавь нартаа бясалгал хийх аргыг санал болголоо. Үүний хажуугаар олон нийтийн дунд нилээд идэвхтэй болж эхлэн жаргал зовлонгийн талаар номоо нийтэд айлдаж эхлэх болжээ. Зарим хүмүүсийн хүсэлтээр хойтын зан үйлийг ч гүйцэтгэх болов.
Ринбүчэ Жулиятэй хамт ажиллаж байх энэ үед бусад сайн дурынхан түүний айлдваруудыг эмхэтгэн түүх намтарын хамтаар багтаасан “Нууц хойд дүр” хэмээх анхны номыг хэвлүүлээд зогссонгүй мөн римэ уншлагынх нь шинэ хувилбар болох “Ариун үзэлтэн болох зам” номын хамтаар хэвлүүлэн гаргасан юм.
2006
Төвөдөд буцаж ирсэн нь
Хайрт багшдаа өгсөн амлалтандаа хүрч долоон жилийг үдсэний хойно Ринбүчэ төрөлх Төвөд нутагтаа эргэн очих шалтгаан нөхцлийг бүтээж чаджээ. Барууны шавь нарынхаа өгөөмөр сэтгэлийн тусламжаар эхийнхээ эмчилгээнд шаардлагатай мөнгийг цуглуулаад зогсохгүй мөн өөрийн биеэр Төвөд рүү аялах зардлаа ч олсон байв.
Барууны шавь нараасаа бүрдсэн жижиг бүлгийн хамтаар олон чемодан дүүрэн бэлэг сэлттэйгээр хөгшин эх хийгээд нутаг усныхантайгаа золгохоор замд гарлаа. Тэднийг Голог аймагт орж очиход газар газраас цугларсан олон лам нар урт сунжиралдсан цуваа үүсгэн, цагаан хадаг барьцгаан угтаж авах нь тэр. Уулан дунд хээр майхан засаж хүнсний зүйлээр дүүргэжээ. Нутгаа орхин явснаас хойш амсаж байгаагүй тэр бүх найрын идээ ундааг нөхдийн хамтаар амсан цэнгэлээ.
Тэндээс цааш хөдлөхөд бүх ачаа тээшийг нь дөчин сарлагт ачин, Ринбүчэд туг дарцаг намируулсан цагаан морь унуулж аяны түрүүнд заавал манлайлан явах болголоо. Тэд аажуухнаар уулсыг даван явсаар Ринбүчэгийн бага насаа өнгөрүүлсэн тэр л зуны сайхан цэцэгт хөндийд хүрч очив.
Тэднийг ойртон ирэхэд хавь ойрын гацааныхан тэр чигээрээ угтахаар тосон гарцгааж урт цагаан хадгаа намируулан хүлээцгээж байв. Цуваа гэрт хүртэл үргэлжлэх ажгуу. Ринбүчэг давхин өнгөрөхөд тэд уухайлан хашгирах ба төвөдийн үндэсний бүрээ бөмбөрийн дуун тэр хавийн уул хадаар цуурайтан түүний эргэн ирснийг зарлан байсан юм.
Эцэст нь түүнийг эхийнхээ байгаа гэрт ойртон очиход Ринбүчэ хөөрөндөө багтарч эх рүүгээ гүйн хүрээд заншил ёсоор толгойд нь толгойгоо хүргэлээ. Тэр хоёр дахиад хэзээ ч хагацахгүй гэсэн мэт ийм байдлаар удаан золгон зогслоо. Эргэн золгохын баярыг сэтгэлээрээ хүүрнэлдэх тэдний нүднээс нулимс үерлэн урсана. Ирэх жил нь насан өөд болсон эхтэйгээ уулзсан сүүлчийн уулзалт энэ байжээ.
Эхтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлснийхээ дараагаар Ринбүчэ барууны шавь нараа дагуулан Чойтан хийд рүү очихоор хүлгийн жолоо заллаа. Замдаа Чамда, Замтан зэргийн олон хийдүүдээр дайран өнгөрсөөр түүнийг зорьсон газартаа хүрч очиход гэртээ анх ирсний адилаар хэдэн зуун лам нар гудамжаар жагсан хүндэтгэл үзүүлэн хүлээж авчээ.
Тэр үеэс хойш Ринбүчэ зургаагаас долоон удаа Зүүн төвөдөөр аялал зохион байгуулаад байгаа билээ. Эдгээр аян түүний барууны шавь нарыг буддын ёс жаягтай ойрхон танилцуулаад зогсохгүй тэнд амьдардаг чадалтай бясалгагч нартай ховор нандин холбоо тогтооход нь тусалж байгаа билээ. Энэхүү холбооны хүчээр Жонан ёсны адис жинлавыг энэ дэлхийд түгээн дэлгэрүүлнэ гэсэн горьдлого түүнд бий ажээ.
2007
Донсүг Дэчин Линг үндэслэсэн нь
Австралид буцаж ирснийхээ дараагаар төрөөд удаагүй нялх байгаа нийгэмлэгээ өргөжүүлэхийн тулд Римэ Хүрээлэнд байнгын байр хэрэгтэй юм гэдэг нь тодорхой болжээ. Тийм учраас тэд ирээдүйн Номын Их Өргөө болох тавилантай тийм байрыг эрж хайж эхлэсэн байна. Удаан эрсний эцэст Мелбурны зүүн зах Дандэнон Рэнжэс гэдэг өнгө будаг алагласан ойн дунд байрлах Белграв гэх жижиг хотод нэгэн хөөрхөн байшинг олж авав.
Тэнд нүүж орсныхоо дараагаар Ринбүчэ байшинг засан өөрчилж сүм хийдийн загвартай болгох сайн дурынхнаас бүтсэн баг бүрдүүлэн ажиллав. Ринбүчэг байрны дээд давхарт долоо хоног тутмынхаа номлолыг үргэлжлүүлэн айлдсаар байх зуурт доод давхар нь буддын дадлага бясалгалаа явуулах адистид бүрдсэн гоёмсог сүм болон хувирч байсан юм. Засварын ажиллагаа дуусмагц Ринбүчэ амжилтыг тэмдэглэж Донсүг Дэчин Лин буюу “Хоосон-дүрс ба дээд амгалангийн орон” гэдэг нэрийг хайрлалаа.
Хүрээлэнгийн гишүүдийг Ринбүчэгийн удирдлаган дор сургалтаа үргэлжлүүлж байх зуурт Ринбүчэ тэдэнд хэрэгтэй сургалтын материалуудыг зэхэж байсан юм. Цагийн хүрдний сургаалыг авлага болгон дадуулах хүсэлтэй шавь нарт гарын авлага маш олдоц бага болохыг мэдсэн тэрбээр өөрийн өргөн их мэдлэгийг ном болгох ажилд уухайлан орлоо.
Түүний Донсүг Дэчин Линд гаргасан анхны ном бол “Нуугдмал эрдэнэ буюу гүн увдист тарнийн замд орох гарын авлага” хэмээх уг гарлаараа төвөд хэл дээр бичигдээд англи хятад хэл рүү орчуулагдсан Бурханлагт хүрэх шат судрын үг үсгийн тайлбар байсан юм. Тэгээд сайн дурын бүлгийхний тусламжтайгаар Ринбүчэ “Аз жаргалтай амьдрал” хэмээх амьдралд ойр заавар зөвлөмж агуулсан номоо гаргасан бөгөөд түүнтэй зэрэгцүүлэн буддын гүн ухааны үндсэн сургаал болох “Сэтгэлийн мөн чанараа нээхүй” хэмээх гурван боть номоо хэвлүүлэхээр бэлтгэж эхлэсэн билээ.
2014
Цагийн хүрдний сургаалыг нэвтрүүлсэн нь
2014 оны зун Цагийн хүрдний замыг барууны шавь нартаа олон жилийн турш уйгагүй сургасныхаа дараагаар Ринбүчэ Жо Флумерфелт хэмээх канад залуутай танилцсан нь Ринбүчэтэй хамтран ажиллахын тулд тун удалгүй Мелбурнд нүүж суурьшжээ. Тэд хамтдаа Ринбүчэгийн санааг ажил хэрэг болгохоор шийдэн, нэгэнт эхлэчихсэн байсан материалаа улам амжилттай өргөжүүлэх тал дээр шамдан ажиллаж эхлэв. Тэдний хамтын ажиллагааны дүнд хоёр ном бүтсэний эхнийх нь “Олон урсгалын далай” хэмээх Ринбүчэгийн римэ үзлийн номын өргөтгөсөн хэлбэр болох дэлхийн бүх голлох шашны урсгалуудын сургаалыг хавсарган римэ үзлийг хэрхэн хөгжүүлэх аргыг үзүүлсэн ном байв. Хоёр дахь нь “Шамбалын нууц” гэдэг Төвөдийн Жонан ёсны бүрэн түүхийг багтаасан ном байлээ. Мөн Шамбалын орны тухай маш тодорхой дүрслэл, Шамбал Цагийн хүрдэн хоёрын хоорондын холбоо зэргийг түүнд нарийн тайлбарласан билээ. Түүнээс гадна “Сэтгэлийн мөн чанараа нээхүй” номын ерөнхий хэлбэрийг бүрэн өөрчилж гурван боть болгон дэлгэрүүлэв.
Түүний номын цуглуулга ийнхүү өргөжихийн хажуугаар Ринбүчэг дэлхийн олон газруудад урин залж номын айлтгал тавих болж удалгүй дэлхийг тойрох анхны аянаа зохиосон билээ. Европын Унгар, Румин, Австри, Итали, Грек зэрэг олон орноор айлчлаад зогсохгүй АНУ-д очиж баруун эргийн голын мужуудад номын үрийг тариалсан байна. Дараа жил нь эдгээр орнууддаа эргэн очиж сургалтаа үргэлжлүүлэх болсон юм. Энэ үедээ Ринбүчэ мөн Цагийн хүрдний ван авшигийг хүртээж эхлэх болсон байна.
2017 онд Ринбүчэ дэлхийн Цагийн хүрдний бясалгагчдын сүлжээг амжилттай байгуулж гүйцээд өөр олон том зан үйлээр өөрийн шинэ номуудтай танилцах боломжийг олгон, утга төгөлдөр Бурхан багшийн сургаалаар дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийг хооронд нь холбох ажлыг өрнүүлсэн билээ. Тэр үеэс хойш Ринбүчэ Цагийн хүрдний сургаалаа хорь гаруй оронд тасралтгүй айлдан хэрхэн анхааран авлага болгохыг зааварчилсаар яваа билээ.
2018
Алтан эрин айсуй
Зогдан санг ринбүчэ 2018 онд байгуулав. Энэ бол дадлагын групп, сургалтын хүрээлэн болон хувь хүмүүсийн дадлага бясалгалаа хамтран хийх олон улсын сүлжээ байлаа. Ингэснээр тэр Цагийн хүрдний сургаалын дагуу замнаж орчлон ертөнцөд төгс амгалангийн хувь төгөлдөр эринийг цогцлуулах үйлсэд туслах явдал ринбүчэгийн зорилго юм. Зогдангийн үзэл санаанд буддын шашны олон ургалч үзлүүд төгс цогцлохын хажуугаар Жонан-Шамбалын дамжлагаар уламжлагдан ирсэн Цагийн хүрдний төгсгөлийн зэргийн гүнзгий увдист очир хөлгөний замыг онцгойлдон дэлгэрүүлэхэд зорьж байгаа билээ.
Зогдангийн тусламжтайгаар ринбүчэ өөрсдийн унаган мөн чанар хязгааргүй боломжоо нээн илрүүлэх боломжийг шашин шүтлэг итгэл бишрэл, анги давхаргын аливаа нэгэн ялгавар үгүйгээр хүн болгон хамтдаа нэгэн гэр бүл болон нэгдэж төгс төгөлдөрт хүрэх боломжтой. Ингэснээр бидний энэ ертөнцөд амгалан жаргалан өлзий хутаг бүхэн бүрэн утгаараа цэцэглэн дэлгэрэх учиртай билээ.